Анхдугаар сунгаанд нийт 12 орчуулагч оролцож, амжилттай өндөрлөлөө. Яг л манай сунгааны нэгэн зорилгын дагуу, сонирхогч хүмүүс голдуу оролцлоо. Заримынх нь анхны уран зохиолын орчуулга ч байсан байж мэдэх.
Манай улсын уран зохиолын салбар жижгийн тул, нэг зохиол олон янзаар орчуулагдаж, түүнийг уншигчид харьцуулан дүгнэх явдал ховор гардгийн тул, уншигчдад сонирхолтой байсан байх.
Бичих, орчуулах манай салбарын ажил уншигч үзэгчдээс хол байдгийн тул жирийн уншигчдын үнэлэмж ихэвчлэн хэтийдсэн буюу нэг бол ширүүн нөгөө бол тахин шүтэх хоёр үзүүрт л оршдог нь нууц биш ээ. Саруулхан Сунгааг уншигч, урлан бүтээгч хоёрын дундах хөшгийг бага багаар ярна гэдэгт итгэж байна. Оролцогчдын илгээсэн шүлгүүд салбарын хувьд ноорог буюу редакторын дараа л нийтлэгдэх ёстойн тул, уншигч та бүхнийг сунгааны оролцогчдод хэт хатуурхаж болохгүйг сануулъя аа. (Ер нь гоц бичээч биш л бол, салбарын хүмүүсийн эхний ноорог бичвэрүүд иймэрхүү л байдаг аа. Том нууц дэлгэлээ шүү, за. Чшшшшш 🤫)
1-р эх сонгодгийн сонгодог, хэзээ ч үнэ цэн нь арилшгүй сайхан шүлгийн тул манай оролцогчид өөр өөрсдийн хэв маягийг гаргаж, жигд оролцсон гэж харж байна. Үнэндээ манай орчуулагчдын “зарим мөртүүд” Орчлонд илгээх захидал номын Г.Лхагвадуламын орчуулгаас хөөрхөн санагдах үе чиг байна. Гэхдээ шүлэгт зохирол чухал. Сондгой хөөрхөн шад байх ёсгүй, шүлэг бүхлээрээ ижил хэмнэл, уур амьсгалтай байх ёстой.
“If i can stop one heart from breaking” мөрийг
“Ганц ч зүрхийг болов Гашуун зовлонгоос хамгаалбал”, “Хэрэвзээ би нэг л зүрхийг шаналангаас аварч чадвал”, “Нэг л зүрхийн энэлэнг энэрвээс”, “Хэн нэгний зүрх сэтгэлийн шаналанг зогсоож чадна гэвэл”, “Өнчин зүрхийг эмчилж чаддаг сан бол” гэх мэтийн тэс өөр найруулга, үгийн сонголтуудыг харж болно оо. Мэдрэмжийг өгүүлэх хэлний чадамж ийм хязгааргүй, үл давтагдах шинжтэй ажээ. Жүжиг киноны нэг л дүрийг жүжигчид шинээр бүтээж тэр бүрийг бид шимтэн үздэг. Орчуулагчид ч бас ийн үзэгчдийг баясгах эрхтэй.
Магадгүй зарим хүн тэгвэл аль нь яг оносон орчуулга юм бэ гэж асуух байх, би лав дээрх мөртүүдээс алийг нь гэх аргагүй гэж хэлнэ. Тэгвэл сайн орчуулгыг яаж хэмжих вэ гэж үү?
Эхлэл мөрөөсөө төгсөх хүртлээ найруулгаа жигд хадгалж, эх зохиолын санааг зөв буулгаснаар нь л орчуулгын чанарыг шинжих учиртай. Ийн шинжвээс яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламын орчуулга манай хэдтэй харьцагдахаар, бүхэлийн хувьд яахын аргагүй чамбай.
“Or help one fainting robin
Unto his nest again” мөрийг
“Газар унасан ганц бор шувууг” , ”Нэг ядарсан гургалдайд тусалж”, “Үүрнээсээ унасан алаг шаазгайг..”, “Үлбэгэр тэр жаахан шувуухайг..” “Эсвэл зүдэрсэн гургалдайд тусалж” гэсэн мөрүүд сайн. Робинод гэж юу гэдэг нь үл мэдэгдэх, харь үг харин оруулж болохгүй ээ. Үнэхээр энэ шувуу монгол оронд байхгүй, оноосон нэргүй бол дээрх шиг ганц бор шувуу гээд дүрслэх хэрэгтэй. Бор шувуу гэж бор өнгийг л заах биш, бяцхан туниагүй гэх шилжсэн утгаар оновчтой илэрхийлэгдэж байна.
Үнэндээ би robin шувууг ямар зүйлийн шувуу, монгол орны шувуудаас альтай нь нэг овогт хамаарах тухай мэдэхгүй тул “алаг шаазгай”, “гургалдайг” хэр зөрүүтэйг хэлж мэдэхгүй нь. Үнэхээр хэвлүүлэн нийтлэх бол, түүнийг судалж хайх нь редактор, орчуулагчийн хамтын үүрэг. Үнэхээр дөхүү нэг овгийн шувуу бол ингэж оноох нь бас буруудсан болохгүй. Шувуухай гэж өхөөрдсөн, эсвэл дуут шувуу гэж тоймлосон, буруудахгүй орчуулгууд мөн байсаан.
Г.Л номын орчуулгаар “Ганц ч атугай жигүүртэнд Үүрээ олоход тусалбал” гэж robin гэснийг жигүүртэн болгож ерөнхийлсний дэргэд манай зарим мөр эх зохиолын нарийн дүрслэлд хамаагүй ойр байна.
“Газар унасан ганцхан шувууг Гэр үүрэнд нь хүргэж тусалбал” надад хамгийн таалагдсан мөр байлаа.
“I shall not live in vain” ийг “дэмий хоосон амьдрахгүй” гэсэн үгсээр утга тааруулсан нь олон байлаа. Үүнийг “Хүн төрөл минь үрэгдэхгүй” гэж дорнын сэтгэхүйгээр монголчлоход бас буруудах юмгүй. Мөн “Энэхэн амьдрал минь үнэ цэнтэй болох сон.” гэж дэмий хоосон гэх үгийг үнэ цэнтэй гэж, тонгоргож адилхан санааг илэрхийлжээ. Дээрх хоёроос арга техникийн санаа аваад, дараа дараагийн орчуулгадаа хэрэглээрэй.
2-р эхийн орчуулгын тухай: Хоёр дугаар эх оновчгүй үгсээр хамгийн дүүрэн байлаа. Магадгүй эхийг ойлгож мэдрэхэд хэцүү байсан юм болов уу? Хоёр хэлээр, хос үндэстний, оюун санааг сүлэлдүүлэх хямралыг мэдрэхэд хэцүү байсан байж болох. За тэр яахав* орчуулгын алдаа оноо руугаа орцгооё.
The fact that I
am writing to you
in English, already falsifies what I
wanted to tell you. Гэсний falsifies үгийн өөр төрхүүд сонирхолтой байлаа. Гуйвуулсан, худал болох, урвуу болох, дэгсдүүлэх, утга алдуулах, утга төөрөлдөх, буруушаах, буруугаар ойлгуулах гээд янз янзаар хэлсэн нь Сунгаа зохиогч миний хувьд үнэхээрийн амттай байлаа. (Ийм жижигхэн юманд баярладаг тээ?)
Бас англи хэлээр english гэх нь хэл, үндэстэн хоёрыг давхар хэлдэг нь бас манай руу хөрвүүлэхэд төвэгтэй байсан байж болох.
” Гол нь ч хаа ч байхгүй өөрийгөө англи хэлээр ч тайлбарлаж чадахгүйгээ яаж тайлбарлая даа байз” гэсэн орчуулга байна л даа. Энд жишээ нь англи хүн, англи хэл гэх хоёр санааг хольсон байгаа юм. Яг энд хар аргаар, англи хэл гэснийг л барих хэрэгтэй, учир нь өгүүлэгч бичиж байна гэж эхлүүлж байгаа болохоор. (бидний олоогүй, өөр нэг бүтээлч гаргалгаагаар тэгэхгүй ч байж болох.)
My subject:
how to explain to you that I
don’t belong to English
though I belong nowhere else.
“..би чамд яаж ойлгуулах вэ?”, “..хэрхэн тайлбарлах вэ?” гээд асуулт болгож, эсвэл
“..Англи хэлээр ч тайлбарлаж чадахгүйгээ яаж тайлбарлая даа байз”, “..хэрхэн тайлбарлахаа хэлж мэдэхгүй байна” гэж батлах өгүүлбэр болгож найруулсан нь ч байлаа.(орчуулах техникийг ажиглаарай гэж сонирхогчдод зөвлөж буйг ахин дурдъя)
3-р эхийн яруу найрагч вэбсайтаа устгаснаас болоод түүний зургийг интернэтээс хайгаад олоогүй. Адил нэрт хоёр ч зохиолчийг оронд нь оллоо. Нэр, нүүрээ бүтээлээсээ түрүүлж тавьдаг монголдоо дассан хүний хувьд тэрүүхэндээ цочирдлоо. 😂
“It’s impossible to be lonely
When you’re zestng an orange”
гэснийг жүрж үрэх, жүржийн хальс үрэх, жүрж үрүүлдэх, зорох гэж утгыг зөв барьсан орчуулгууд байлаа. Манай орчин үеийн орчуулгуудыг нарийн ажиглаваас, утга бариагүй байх нь олонтоо. Хэвлэн нийтлэгчид ихэвчлэн найруулгад л анхаарахаас цаад утгыг хүндэлдэггүй, тоодоггүй нь уламжлагдсаар бараг л соёл болж тогтож байх шиг байна. Мөн ялангуяа даяаршлын эринд, монгол хүн ойлгохгүй, мэдэхгүй гээд суумааргүй сэн дээ. Доор нь тайлбар зүүлт ч болтугай оруулаад, тайлбарлаж болно оо. Манай оролцогчид zesting гэх үгийн утгыг ойлгоогүйдээ биш, харин монгол хүний сэтгэлгээ, зан үйлд жүржийн хальс үрж хоол хийх нь, харь болохоор л олон янз үгээр дүрсэлжээ. Жүрж арилгах, хальслах, зүсэх, хусах, хальсыг нь авч хаях, гэсэн нь манай үзэмжээр бол оновчгүй л санагдлаа. Хэрвээ энэ шүлгээр богино хэмжээний кино хийвэл, хүн бүр жүрж үрж байгаагаар л хийх байх, яагаад дүрслэх урлагт тийм чөлөө байгаад, өгүүлэх урлагт тэр нь дутагддаг билээ? Энэ тухай орчуулагчдыг дороо тунгаагаасай гэж хүсэж байна. Юмс үзэгдлийг камер, үзэг хоёр эн тэнцүү л буулгах ёстой.
Гэхдээ энэ дунд “Амтат жүрж үйрмэглэн суухад” гэсэн орчуулга хачин сонирхолтой байлаа. Үйрүүлээд, жижиглээд ямар нэг байдлаар унд, хоол бэлтгэж байгаа дүрслэл тов тодорхой. Зорох, хусах, арилгах гэж арга ядаагүй, оновчтой орчуулга.
Зиа нэг иймэрдүү…(that’s all folks)
Бусад:
Сунгаа гэж уясан морины давхил орж байгаа эсэхийг сорих шалгуур юм. Тэгэхээр сунгаа гэж бэлтгэл сургуулилт буюу манай зорилго нь уран бүтээлчдийг идэвхжүүлж, нэгнээсээ суралцах боломж олгох явдал билээ. Оролцогчдыгоо орчуулах арга техникт шамдан, ирээдүйд өөрийн сэтгэлд багтсан бүтээлээ “амлаж аван”, олны хүртээл болгоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Ирээдүйд орчуулсан богино бүтээлээ нийтлүүлж болох сэтгүүл, уралдаан тэмцээний жагсаалтыг хүргэнэ ээ.
Stay looney tuned with us